All for Joomla All for Webmasters

Мэдээлэл

Адуунаас үс сугалж авах зөвлөмж

АДУУНААС ҮС СУГАЛЖ АВАХ ЗӨВЛӨМЖ

Доорх зааварчилгаа мэдээллийг файл хэлбэрээр татаж авч болно.

Адуунаас үс сугалж авна гэдэг нь дэл эсвэл сүүлнээс 20-30 ширхэг туг үсийг татаж угтай нь гаргаж авах, мөн адуутай холбоотой мэдээллийг бидэнд олгох цогц ажилбарыг хэлнэ. Сугалж авсан багц буюу туг үсийг ЗанааСпекс ХХК-ийн мэргэжилтэнд олгох буюу шуудан болон бусад шугамаар манай албан газар руу илгээх буюу аваачиж өгнө.
Сугалж авах туг үс нь 5 нэрийн анхан шатны зорилтот шинжилгээг гүйцэтгэхэд хангалттай доод хэмжээ юм. Үйлчлүүлэгч хүсвэл өөрийн шийдвэрээр илүү тооны үс сугалж авах, нэгээс дээш тооны дугтуйнд хувааж олгож болно.
Лабораторид хүлээж авсан дээжийг ЗанааСпекс ХХК-ийн мэргэжилтэн боловсруулж, эд эсийг задлаж, удмын мэдээллийг ялгаж цэвэрлэж авна. Удмын мэдээллийг ашиглаж ганц болон 5 хүртэл нэрийн шинжилгээг нэг дор гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн туг үс илгээхэд нэг ба түүнээс дээш шинжилгээг ганц удаад гүйцэтгэнэ.
 
Адууны туг үс сугалж авах ажилбарт зориулж манай байгууллагаас зориулалтын 3 эд зүйлийг танд илгээх буюу хангаж өгнө. Үүнд,
  1. Лабораторийн резин бээлий, ариун, 1 хос
  2. Тусгай зориулалтын, ариун, цаасан дугтуй, 2 ширхэг
  3. Адууны удамзүйн ерөнхий шинжилгээ үйлчилгээний асуумж (doc_hangal#001), 1 хувь
 
Үс сугалж авах ажилбарыг ЗанааСпекс ХХК-ийн хүний байлцаатай хийх буюу хийлгэх, эсвэл бие дааж хийгээд үсний дээжийг илгээж болно. Энэ нь таны шийдэл юм.
Ажилбарыг манай байгууллагын хүний байлцаатай гүйцэтгэнэ гэдэг нь манай баг бүрэлдэхүүн танай газар дээр шаардлагатай эд зүйлсийг авч очихыг хэлнэ. Манай хүн ажилбарыг таны байлцаатай өөрөө гүйцэтгэх буюу танд зааварчилгаа олгох маягаар та өөрөө гүйцэтгэж болно. Ажилбарыг бие даан гүйцэтгэнэ гэдэг нь бидний зүгээс илгээсэн зориулалтын эд зүйлсийг ашиглаад та өөрөө бие даан гүйцэтгэхийг хэлнэ.
 

Ажилбарыг гүйцэтгэхэд анхаарах нь

  1. Сугалж авах үс гэдэг нь дэл эсвэл сүүлийн аль нь байж болно. Үүнд ялгаа байхгүй. Биеийн бусад хэсгийн үсийг угаар нь сугалж авах боломжгүй тул зохимжгүй юм.
  2. Үсийг угаар нь сугалж авна. Өөрөөр хэлбэл хайчилж авч болохгүй. Учир нь шинжилгээнд шаардлагатай удмын мэдээлэл үсний уганд бий.
  3. Үс сугалж авах ажилбарыг нүцгэн гараар хийж болно. Нэг дор дараалж олон адуунаас үс сугалж авах тохиолдолд бидний зүгээс дугтуйн хамт олгосон лабораторийн бээлийг ашиглах нь зөв. Бээлийн резин гадар нь хүний алганы арьстай харьцуулахад биологийн гаралтай материалыг тогтоох магадлал бага байдаг. Өөрөөр хэлбэл адуу хоорондын дээжийн бохирдол гарах эрсдэлийг багасгана.
  4. Ажилбараас өмнө болон ажилбарын явцад гар хуруугаа шалбалж цус гарсан тохиолдолд угаалга хийж шархны лент наасны дараагаар ажилбарыг эхлэх буюу үргэлжлүүлэх / давтан гүйцэтгэх нь зүйтэй.
  5. Лабораторийн бээлийн резин материал болоод түүний шохойн үнэр, өнгөнөөс болж адуу тавгүйтэх, эсвэл цочиж үргэх боломжтой. Үүнд бэлэн байх нь зүйтэй.
  6. Ажилбарыг гүйцэтгэхдээ 20-30 ширхэг үсийг уг хэсгээс нь холгүй гараараа бариад 2-3 дахин ороож аваад огцом чангаана. Үс угаараа сугарч гарна.
  7. Ажилбарыг хялбар, үр дүнтэй гүйцэтгэх арга нь нарийн савх адил эд хэрэгслийг ашиглах юм. Үүнд бичгийн хэрэгсэл (үзэг, бал эсвэл харандаа), хоолны савх, тэдгээртэй ижил богино мод болон төмөр эд зүйл байж болно. Мөн тохиолдолд гараар зулгаахын адил дэл эсвэл сүүлийг 2-3 ороож аваад огцом чангаана.
  8. Бидний туршлагаар гадны үүлдрийн адууныхтай харьцуулахад монгол адууны арьс зузаан бөгөөд үсийг татаж авахад илүү хүч шаардлагатай байх тохиолдол бий.
  9. Сугалж авсан үсийг хэрхэн атгах, нугалах зэрэгт санаа зовох зүйлгүй. Гагцхүү үсний уганд хүрч болохгүй. Ялангуяа олон тооны адуунаас нэг дор дээж цулгуулж байгаа тохиолдолд нямбай байхгүй аваас адуу хоорондын дээжийн бохирдол гарч, үүнээс шалтгаалж урвалын үр дүн буруу гарах эрсдэл бий болно.
  10. Нэгж адуу бүрээс үс сугалж авсан даруйд дугтуйлна. Үсний тоо ширхэг олон байх тусам сайн хэдий ч дугтуйнд эвтэйхэн багтаах нь зүйтэй. Дэл эсвэл сүүл урт байх тул үсний уг хэсгийг түүнээс дээш 5-10 см хэсэгтэй үлдээнэ. Өөрөөр хэлбэл үсний угийг түүнээс хойш 5-10 см хэсэгтэй дугтуйлахад хангалттай. Бусад хэсэг шаардлагагүй буюу хайчлаад хасч болно. Учир нь үсний уг хэсэг лабораторийн шинжилгээнд шаардлагатай.
  11. Адуунаас үс татаж аваад ганц ширхэг дугтуйнд шилжүүлж, дугтуйн амыг норгож наана. Дугтуйн амыг хаахдаа шүлсдэж болно. Үүнд ямар нэг асуудал байхгүй.
  12. Нэгэн зэрэг олон адуунаас дээж цулгуулж байхдаа анхаарах зүйл нь ДЭЭЖ ХООРОНДЫН БОХИРДОЛ буюу АДУУ ХООРОНДЫН БИОЛОГИЙН ДЭЭЖ ХОЛИЛДОХ асуудал юм. Учир нь адууны хөлс болоод арьсны гадар, мөн дэлэн дээр нь өөр адууны биологийн дээжийн бохирдол хангалттай байдаг юм.
  13. Адуу хоорондын дээж холилдох эрсдэлийг бууруулахын тулд нэг адуунаас дээж авч дугтуйнд шилжүүлсэний дараагаар удаах адуунаас дээж авах ажилбарыг эхлэх нь зүйтэй. Нэг адуунаас нөгөө рүү очихдоо гарт / бээлийн дээр ямар нэг үсний үлдэц, цус, хөлс зэрэг шингэн дусал зүйл байгаа үгүйг анхааралтай шалгаарай. Байгаа тохиолдолд даавуун алчуур зэрэг зүйлд арчих нь зүйтэй.
  14. Дээж хоорондын бохирдол гарахаас сэргийлэх нэг арга зам бол адуу бүрээс үс сугалж авах ажилбар хооронд гараа / бээлийтэй гараа цагаан архиар зайлаад арчиж хатаах юм.
  15. Ганц дугтуйнд нэгээс дээш адууны үсийг андуурч хамтад нь хийсэн, эсвэл та алдаа гаргаж дугтуйн дээрх нэр хаягаа буруу бичсэн байж болно. Гаргасан алдаагаа та баттай мэдсэн, эсвэл эргэлзсэн (алдаа гаргасан аятай сэтгэгдэл төрсөн) аль ч тохиолдолд дугтуйтай дээжийг ашиглахгүй хаях нь зүйтэй. Бид адуу бүрт 2 ширхэг дугтуй илгээдэг тул нөөцийн нэг дугтуйг ашиглах нь баталгаатай юм.
Дурдсан ажилбарыг гүйцэтгэхэд та эргэлзэж байгаа бол бие дааж сурч авах хялбар арга нь холбогдох зөвлөмж болоод мэдээллийг онлайн хайж судлах, мөн youtube вэб хуудас дээрээс видео олж үзэж болно. Жишээлбэл:

 
 

Удамзүйн нэгж шинжилгээ болоод багц шинжилгээг гүйцэтгэхэд анхаарах

Та адууны үсний дээжийг бидэнд олгохдоо удамзүйн үндсэн 5 нэр төрлийн шинжилгээний аль нэгийг, эсвэл нижгээдийг (2 ба түүнээс дээш шинжилгээ) хийлгэх захиалга өгч болно. Лабораторийн ажилбар нэгэнт эхэлсэн тохиолдолд шинжилгээний нэр төрлийг өөрчлөх буюу нэмэх / хасах боломжгүй. Учир нь бүх лабораторийн ажилбар нь автоматжуулсан төхөөрөмж дээр явагдах ба таны зүгээс нэг удаад олгосон туг үсний тоо ширхэгийг зөвхөн ганц удаа ашиглана. Нэг удаад хүлээж авсан 20-30 ширхэг үс нь 5 шинжилгээг нэг дор гүйцэтгэхэд шаардлагатай биологийн дээжийн хамгийн бага хэмжээ юм. Шинжилгээний ажилбар явагдсанаас хойш нэмэлт шинжилгээ хийлгэх шийдвэр гаргасан тохиолдолд бид дахин дээж авна. Тиймээс нэг удаад олгож байгаа дээж дээрх шинжилгээ үйлчилгээний нэр төрлийг эцсийн байдлаар урьдчилж шийдсэн байх нь зүйтэй.

АНХААРАХ НЬ
Үс сугалж авах ажилбарыг та бие даан гүйцэтгэж байгаа бол урьдаар АДУУНЫ УДАМЗҮЙН ЕРӨНХИЙ ШИНЖИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АСУУМЖ (doc_hangal#001) материалыг бөглөсөн байна. Дээжийг бидэнд илгээхдээ адууны талаарх асуумж хуудсыг бүрэн бөглөж гарын үсэг зурж баталгаажуулаад үсний хамт дугтуйлж илгээх шаардлагатай. Таны зүгээс бидэнд олгосон материалд хэн нэгний гарын үсэг бүхий асуумж хуудас байхгүй, аль нэг хэсгийг нь дутаасан тохиолдолд тантай бид холбогдон магадлаж, шаардлагатай бүх мэдээллийг нөхөж авна. Шаардсан мэдээлэл дутуу тохиолдолд бид шинжилгээг гүйцэтгэх боломжгүй бөгөөд таны зүгээс олгосон урьдчилгаа төлбөрийг эргэж олгоно.

Та бие даан адууны дээжийг илгээсэн тохиолдолд нэгж адуу хооронд дээжийн бохирдол үүссэн байвал бид нэн даруй танд мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл 2 ба түүнээс дээш тооны адууны үс нэг дугтуйнд санамсаргүй байдлаар холилдож орсон бол шинжилгээ бүтэлгүйтэх бөгөөд хариу гарсан даруйд бид чухам хэдэн адууны дээж холилдсон болохыг танд нэн даруй мэдэгдэнэ. Шинжилгээний хариу буруу хэдий ч нэгэнт хийгдсэн байх тул танд төлбөрийн нөхөн олголт хийгдэхгүй. Тан руу дахин дугтуй илгээх буюу манай мэргэжилтэн таны адууны дээр очиж үсний дээжийг давтан цуглуулна.

Холбогдох мэдээлэл, зөвлөгөөг та бидэнтэй холбогдож асууж лавлана уу.

 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл