All for Joomla All for Webmasters


АДУУНЫ ЭДИЙН ШИНЖИЛГЭЭ


Үүнд үржүүлгийн зориулалттай адууны үрийн шингэн, шинэ эсвэл удсан цогцос болоод биеийн үлдэцийн гарал үүслийг тогтоох (постмортем шинжилгээ) иж бүрэн шинжилгээний ажилбарыг хэлнэ.

Адууны үрийн шингэн гэдэг нь зориулалтын аргачлалаар тээвэрлэж авчирсан, горимын дагуу хадгалсан хэдий ч гарал үүсэл нь тодорхойгүй буюу шалгаж тодруулах шаардлагатай (мэдээлэл нь хаягдсан, дээж хооронд алдаа гарсан) эр эсийг (үрийн шингэн) хэлнэ. Эр эсийг шинжилгээнд оруулахдаа зэрэгцүүлж дүйцүүлэх нэг ба түүнээс дээш адууг хамруулах, эсвэл холбогдох өөр бусад урьдны шинжилгээний үр дүнг олгох шаардлагатай. Хэрэв үйлчлүүлэгч адуугаа урьд нь манай байгууллагаар ямар нэг шинжилгээнд оруулж байсан бол дүйцүүлэх адуу шаардлагагүй. Бид шинжилгээний үр дүнг урьдны шинжилгээнийхтэй нь харьцуулна

Адууны шинэхэн цогцос гэдэг нь амьсгаа тасарсанаас хойш буюу эвдэж янзалсанаас хойш,

  • ил задгай орчинд 3 хоногоос удаагүй дэл үс,
  • хөлдүү орчинд олон сараар хадгалсан, чанаж болгохоос өмнөх мах, булчин,
  • ямар нэг шингээгч материал дээр дусаж хатсан ба түүнээс хойш 1 жил хүртэл хадгалагдсан цусны толбоны үлдэц,
  • ил задгай орчинд 6 сараас удаагүй, чанаж боловсруулахаас өмнөх яс, туурай, шүд, арьс шир, дэл, сүүл г.м. бусад хатуу эдийг тус тус хэлнэ.

Адууны удсан цогцос гэдэг нь хэр удсан нь мэдэгдэхгүй байгаа үлдэцийг хэлнэ. Жишээлбэл цасан хунгар дороос, хөдөө хээрээс, ус болон намаг балчиг, газрын хөрсөн дороос олдсон, ямар нэг шингэн эдийн үлдэцгүй зөвхөн хатаж үлдсэн зүйл юм. Үүнд мөн эртний олдвор болох яс, шүд, арьс ширийг хэлнэ.

Адууны биологийн үлдэгдлийг шинжилгээнд оруулахын тулд зэрэгцүүлж дүйцүүлэх нэг ба түүнээс дээш адууг мөн хамруулах шаардлагатай. Хэрэв үйлчлүүлэгч өмнө нь адуугаа манай байгууллагаар ямар нэгэн зорилтот шинжилгээнд оруулж байсан бол дүйцүүлэх адуу шаардлагагүй. Бид шинжилгээг нэн даруй гүйцэтгэж, урьдны шинжилгээний үр дүнтэй нь харьцуулна.

Тус шинжиглээг гүйцэтгэснээр хувь хүн алдсан адуугаа чононд бариулсан эсэхийг олж мэдэх, олж авсан биологийн материал нь идэшний зориулалтаар болоод бусад шалтгаанаар хулгайд алдагдсан гэх адууных мөн эсэхийг шалгаж баталгаатай хариулт олж авах боломжтой юм.

Цогцос болоод түүний үлдэгдлийг шинжилгээнд өгөх

Манай баг бүрэлдэхүүн газар дээр нь очиж цогцос эсвэл эд материалын үлдэцээс аюулгүй ажилбарын дагуу биологийн дээж авна. Биологийн дээжийг үйлчлүүлэгч өөрөө бие даан цуглуулж болохгүй. Тус шинжилгээ нь олон шаталбартай тусгай ажилбар шаардах тул хариу нь 20-25 хоногийн дараа гарна.

Нэмэлт мэдээлэл

Шалтгаан нь тодорхойгүй нэгээс дээш адуу үхсэн / хиарсан тохиолдолд, мөн бусад зүйлийн зэрлэг бэлчээрийн амьтад хиарсан нутагт бид шинжилгээг гүйцэтгэх боломжгүй. Энэ нь гоц халдварт өвчний тархалтаас зайлсхийх зорилготой. Мөн хатуу бус шинжтэй дээж дээр шинжилгээг хийхгүй. Үүнд цус, ийлдэс, шүлс, өтгөн болон шингэн ялгадас зэргийг хэлнэ.

Шинжилгээний төлбөр

Шинжилгээний төлбөр нь нийт ажиллагааны зардлаас шалтгаалж шийдэгдэнэ. Төлбөрийн талаарх мэдээллийг манай вэб хуудас дээрх утас болон электрон шуудангаар холбогдож тодруулна уу. Бүрэн урьдчилгаа хэлбэрээр төлбөрийг хүлээн авсаны дараа шинжилгээг гүйцэтгэнэ. Төлбөр бүрэн хийгдэх хүртэл шинжилгээний хариуг олгох боломжгүй.

Үйлчилгээний талаар тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу. Үйлчилгээ бүртэй холбоотой мэдээллийг татаж авч болно.




 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл