All for Joomla All for Webmasters


АСУУЛТ
ХАРИУЛТ

Тус мэдээлэл нь үйлчүүлэгч болоод хамтран ажиллагч хувь хүн, байгууллагын зүгээс манайд тавьдаг асуулт, тэдгээрт өгдөг манай хариултыг багцалсан болно. Мэдээллийг бүтнээр нь татаж авч хадгалах боломжтой. Танд мөн нэмэлт асуух зүйлс байвал бидэнтэй утсаар болон онлайн холбогдож асуултаа үлдээж болно. Таны зүгээс тавьсан өндөр ач холбогдолтой, үнэ цэнэтэй асуулт, хэлэлцүүлгийг бид тус мэдээлэл дээр нэмж шинэчлэх болно.


Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэдэг ажлын талбай нь хаана вэ?
Бидэнд өөрийн өмчийн ажлын талбай, бааз хангамж байхгүй. Одоогоор хийгдэж байгаа удамзүйн мэдээлэл дээр суурилсан 5 нэр төрлийн үндсэн шинжилгээний 4-г нь БНХАУ-ын Гуанжоу хотод байрласан биотехнологийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн тэргүүлэх байгууллага болох Guangzhou Ribobio компанийн ажлын талбай дээр гүйцэтгэдэг (www.ribobio.com). Тус компани нь амьтан ургамлын удамзүйн дарааллыг бүрэн уншуулах, үр дүнг боловсруулах үйлчилгээгээр БНХАУ-д тэргүүлдэг байгууллагын нэг юм. Монгол Улсаас ЗанааСпекс ХХК нь адуутай холбоотой бүх нэр төрлийн орчин үеийн шинжилгээг Guangzhou Ribobio өмчийн талбай болон тоног төхөөрөмжийг түрээслэх замаар гүйцэтгэж байна. ЗанааСпекс ХХК-с томилогдсон мэргэжилтэн доктор Энхбаатарын Занабазар нь Guangzhou Ribobio компанийн орчин үеийн геномын мэдээллийг уншуулах технологийн хэлтсийг удирдаж ажилладаг бөгөөд адуутай холбоотой шинжилгээг тус ажлын талбай дээр өдөр тутам өөрийн биеэр гардаж гүйцэтгэдэг. Адууны хромосомын кариотип шинжилгээг АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн ХАА-н хүрээлэн дээр гүйцэтгэдэг юм. Тус шинжилгээний хариуг ЗанааСпекс ХХК-ийн мэргэжилтэн хүлээж авч, үр дүнг эцэслэн дүгнэдэг.

Шинжилгээг Монголд гүйцэтгэх боломжтой юу?
Манай байгууллага ойрын ирээдүйд өөрийн мэдлийн бааз талбайг байгуулж, дурдсан болоод нэмэлт нэр төрлийн шинжилгээг 100% дотоодод гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоогийн байдлаар шинжилгээг Монголд гүйцэтгэх бааз хангамж нь улсын мэдлийн байгууллага дээр эхний байдлаар бүрэлдсэн байгаа ч мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа. Мэргэжлийн ажилбарыг гүйцэтгэх хувийн мэдлийн ажлын талбай манай улсад одоогоор байхгүй бөгөөд микросателлитын шинжилгээг мал амьтан дээр гүйцэтгэх орчин үеийн аргазүйн шинэчилсэн стандарт байхгүй байгаа.

Танай шинжилгээтэй холбоотой дотоодын стандарт гэж бий юу?
 “Адууны эцэг тогтоох” болон “Адууны эх тогтоох” гэсэн 2 нэрийн шинжилгээтэй ижил зарчимтай, лабораторийн шинжилгээний ажилбарыг зааж батласан дотоодын стандарт аргазүй бий. Тус стандарт нь манай улсын Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн боловсруулсан, 6176:2010 дугаартай, “Адууны гарвалыг микросателлит дараалал ашиглан тодорхойлох полимеразын гинжин урвал (ПГУ)-ын арга” нэршилтэй юм.

Танай шинжилгээ дотоодын өнөөгийн ижил нэр төрлийн шинжилгээнээс юугаараа давуу вэ?
Манай шинжилгээний ажилбарыг дотоодын өнөөгийн стандарт дээр заасан ажилбартай шууд харьцуулах боломжгүй. Хэдийгээр суурь аргазүй нь ижил ч ажилбар нь тэс ондоо юм. Дотоодын стандартыг мөрддөг Мал Эмнэлгийн Хүрээлэн нь гар ажиллагаа болон нарийвчлал багатай хуучин аргаар гүйцэтгэдэг бол бид орчин үеийн аргачлал, олон дахин өндөр мэдрэмжтэй тоног төхөөрөмж ашиглан гүйцэтгэдэг. Манай ажилбар, технологи нь мэдрэмж асар өндөр, угшил болоод төрлийн холбоо ойр адууг ялгах боломжтой. Мөн лабораторийн ажилтны эрүүл мэнд болоод байгаль орчинд хорт бодис урвалж ашигладаггүй, үр дүн илүү богино хугацаанд гарна. Өнөөгийн дотоодын аргазүй нь цөөн тооны микросателлит локус ашигладаг бол манай аргазүй 17 микросателлит локусыг нэгэн зэрэг үздэг. Тиймээс өөр хооронд нь ялгах боломжгүй адууг баталгаатай ялгах бололцоо олон дахин өндөр байдаг. Мөн үр дүн нь тодорхой, нэмэлт програм хангамжаар боловсруулж харьцуулалтыг гүйцэтгэдэг тул өнөөгийн дотоодын стандарт аргазүйгээр илрүүлж чадахгүй байгаа ялгааг 99,9999% баталгаатай гаргаж ирдэг. Өнөөдөр дотоодод хийгдэж байгаа шинжилгээ нь үр дүн дээр статистик тооцоолол, нарийвчилсан боловсруулалтыг хийдэггүй.

Шинжилгээнийхээ үр дүнд баталгаа олгох уу?
Бид өөрийн шинжилгээний үр дүнд баталгаа олгоно. Олон улсын хэмжээнд танигдсан, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гадны лабораториудын үр дүнтэй манай шинжилгээний үр дүн 100% дүйцдэг болох нь бидний жил дамнасан туршилтаар нотлогдсон болно. Шинжилгээтэй холбоотой ямарваа нэг эргэлзээ, маргаан гарсан тохиолдолд бидний үр дүнг танай талаас гадны лабораторид магадлуулах зардлыг бид бүрэн даана. Мөн шинжилгээний хариу буруу гарсан тохиолдолд холбогдох нөхөн төлбөрийг бид бүрэн олгоно.

Танай шинжилгээ үйлчилгээ юугаараа шинэлэг вэ?
Манай санал болгож байгаа шинжилгээ үйлчилгээ нь олон улсын хэмжээнд хэдийнээс ашиглагдаж байгаа ажилбарууд юм. Дотоодод авч үзвэл адууны эцэг ба эх тогтоох шинжилгээ нь өнөөгийн аргазүйтэй харьцуулшгүй нарийвчилсан, удмын сан дахь илүү өргөн мэдээллийг хамарсан, үр дүн баталгаатай. Мөн эхийн талын угшил хөөх шинжилгээ, постмортем шинжилгээ, кариотипын шинжилгээ нь манай улсад урьд нь олон нийтэд зарлаж хийж байгаагүй мэргэжлийн үйлчилгээ юм. Удаах шинэлэг тал нь адууны биологийн дээжийн нэр төрөл мөн. Өнөөдөр манай улсад дотоодод гүйцэтгэж байгаа удамзүйн холбогдолтой шинжилгээ нь 100% адууны цус болоод сийвэн дээр хийгдэж байгаа. Цөөн тооны үсний дээжийг ашиглан бүх холбогдох ажилбарыг гүйцэтгэх аргачлалыг манай улсад одоогоор туршиж хэвшүүлсэн тохиолдол байхгүй юм. Манай мэргэжилтэн холбогдох шинжилгээг зөвхөн үсний уг ашиглан гүйцэтгэж байгаа тул ямар нэг халдварт болон гоц халдварт өвчний эрсдэл байхгүй. Мөн биологийн хаягдал, бодис урвалжийн зарцуулалт зэрэг бусад асуудлыг цогцоор нь шийдсэн шинэ хувилбар юм.

Танай лабораторид олон улсын байгууллагын магадлагаа бий юу?
Манай шинжилгээний ажилбар явагддаг бааз хангамж нь мал эмнэлгийн оношлогоо үйлчилгээний магадлагаа, тусгай зөвшөөрөл байхгүй. Тиймээс манай шинжилгээнд бид албан магадлагаа олгохгүй. Зөвхөн үр дүн дээр бид өөрсдийн зүгээс баталгаа олгоно, үр дагаварт бүрэн хариуцлага хүлээнэ. Манай байгууллага шаардлагатай гэж үзвэл 2018 онд багтаад албан магадлагаа бүхий итгэмжлэгдсэн байгууллага болох боломжтой. Тус шийдвэрийг өнөөгийн үйлчлүүлэгчдийн шаардлагыг харгалзаж гаргана.

Адууны удамзүйн шинжилгээний үр дүн дээр магадлагаа шаардлагатай байдаг уу?
Энэ нь таны өөрийн шийдэл юм. Морь сонирхогчдын холбоо зэрэгт хувь хүмүүс, иргэн хооронд адууны магадлагаа шаардлагагүй. Морины тусгай үүлдэр сонирхогч, морин спорт сонирхогч зэрэг иргэдийн холбоодын зарим нь албан магадлагаа шаарддаг. Дийлэнх тохиолдолд албан магадлагаа, сертификат гэж тусгай дагнасан шинжилгээний байгууллагын магадлагаа шаарддаггүй. Үүний оронд олон нэр төрлөөр магадласан, нэр хүндтэй, улсын мэдлийн мал аж ахуйн салбарын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаар хийлгэсэн шинжилгээг хүлээж авахад бэлэн байдаг. Морин спортоор дагнасан буюу тус спорттой шууд холбоотой үржүүлгийн газрууд нь Сингапур, Франц, Их Британи, Ирланд зэрэг орнуудад байршилтай зарим нэг дагнасан лаборатороор магадлуулах шаардлага тавьдаг. Адууг олон улсын уралдаан тэмцээнд оролцуулах, улс хоорондын тусгай гэрээ хэлэлцээрийн дагуу (байгаль, амьтны зүйлийг нөхөн сэргээх, нутагшуулах, хамгаалах г.м.) тээвэрлэхэд холбогдох шинжилгээний магадлагаа шаардлагатай.

Эцэг болон эх тогтооход ашиглаад байгаа, удамзүйн микросателлитын шинжилгээгээр ихэр хоёр адууг хооронд нь ялгах боломжтой юу?
Ихэр адууг тохиолдлын 95.5%-д нь шууд 99,999% баталгаатай ялгаж тодорхойлно. Үүнд асуудалгүй. Ховор тохиолдолд ихэр унага нэг өндгөн эсийнх байж болно. Энэ тохиолдолд нэмэлт шинжилгээгээр баталгаажуулна.

Монгол адууг эрлийз адуунаас ялгах боломжтой юу?
Өнөөдрийн байдлаар манай лабораторид ялгах бүрэн боломжтой. Хувь хүн сонирхвол бид шинжилгээг өнөөдөр гүйцэтгэж хариулт өгч болно. Гэхдээ бидний одоогийн байдлаар хуримтлуулсан адууны шинжилгээний үр дүн, мэдээллийн сан нь хангалттай биш тул энэ төрлийн шинжилгээний хариунд 100% баталгаа олгох боломжгүй гэдгийг анхаарах нь зүйтэй. Учир нь өнөөдөр гадны ямар ч үүлдрийн удмын мэдээллийн агууламжийг статистикийн хувьд 100% баталгаатай ялгах мэдээллийн сан манайд бүрэлдээгүй байгаа юм. Зориулалтын, олон зуун адууны үр дүн дээр суурилсан баталгаат ялган дүйх шинжилгээг 2018 оноос эхлэн гүйцэтгэх болно. 

Танайх манай адууг албан ёсоор пасспортжуулах боломжтой юу?
Бид одоогийн байдлаар пасспорт, үнэмлэх зэргийг олгохгүй. Учир нь манай улсад морийг бүртгэлжүүлэхтэй холбоотой журам байдаггүй. Морьтон олон шаардлагатай гэж үзэж, зохих дүрэм журам бий болсон тохиолдолд пасспортжуулах боломжтой. Одоогийн байдлаар манайд шинжилгээнд хамрагдсан адуу бүрийн мэдээлэл, удмын бичиглэл нь Монгол Адууны Удмын Мэдээллийн Санд хадгалагдаж байх болно. Бид үйлчлүүлэгч хувь хүн болоод байгууллагын зөвшөөрлийн дагуу тус мэдээлэл дээр суурилж, пасспортжуулах ажлыг гүйцэтгэж болно. Гагцхүү манайд үйлчлүүлсэн иргэн, адууны эзэмшигчийн албан зөвшөөрөл шаардлагатай.

Өөр мал амьтны зүйл дээр ижил шинжилгээг гүйцэтгэх боломжтой юу?
Байгууллага болоод хувь хүмүүст нэн шаардлагатай гэж үзвэл манай мэргэжилтэн үхэр, гахай, тахиа, нохой гэсэн 4 зүйл амьтад дээр эцэг болон эх тогтоох, үүлдэр угшил буюу төрлийн холбоог тооцоолж гаргах шинжилгээг хийж өгөх боломжтой. Дурдсан шинжилгээг шаардлагатай гэж үзвэл албан ёсоор үйлчилгээний нэг нэр төрөл болгож болно.


Тус мэдээлэл нь үйлчүүлэгч болоод хамтран ажиллагч хувь хүн, байгууллагын зүгээс манайд тавьдаг асуулт, тэдгээрт өгдөг манай хариултыг багцалсан болно. Мэдээллийг бүтнээр нь татаж авч хадгалах боломжтой. Танд мөн нэмэлт асуух зүйлс байвал бидэнтэй холбогдож болно. Таны зүгээс тавьсан өндөр ач холбогдолтой, үнэ цэнэтэй асуулт, хэлэлцүүлгийг бид тус мэдээлэл дээр нэмж шинэчлэх болно.



 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл